Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 200 дугаар тогтоолоор Монголын төр, шашин, соёл урлагийн нэрт зүтгэлтэн Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ойг энэ онд тэмдэглэн өнгөрүүлж, олон талт арга хэмжээг зохион байгуулсаар байна. Үүний нэг болох “Монгол бахархал”-ын өдөрт зориулан “ЧИНГИС ХААНЫ УДМЫН ХУТАГТ: ДОРНЫН ИХ СЭРГЭН МАНДАЛТ” тусгай үзэсгэлэнг Чингис хаан Үндэсний музейд (2025.11. 20-ноос 29 )өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Тус үзэсгэлэнд Өндөр гэгээн Занабазарын мутрын шилдэг бүтээлүүдийн дээжээс олон нийтэд дэлгэн үзүүлэх бөгөөд, дотоод амар амгалан байдлаар бүтээж шүншиглэн амилуулсан, урлаг, уран сайхан гоо зүйн хувьд дахин давтагдашгүй бүтээлүүдийг нэгэн дор дэлгэн түмэн олны мэлмийг баясгана. Нэгэнтээ, Академич Бямбын Ренчин гуай Өндөр гэгээнийг “#Тэр бол Азийн Микеланджело байсан” гэж үнэлсэн байдаг.
