Судалгаа
"Алтан үсэг" ноот, "Их Юань улсын судар", "Эгшгийн зүйн эмхэтгэл" зэрэг эх сурвалж.

400 гаруй жилийн өмнөх Лигдэн хутагт хааны "Ордны найрал"-д эгшиглэж байсан "Алтан үсэг"-ээр тэмдэглэгдсэн ноотны олдвор, хувцас хэрэглэл, хөгжмийн зэмсгийн түүхэн олдворуудад үндэслэн сэргээн бүтээж тоглож буй чуулга.
"Хаан найрал" чуулгын эрхэм зорилго нь 400 гаруй жилийн тэртээх Монголын их хаадын нэг Лигдэн хутагт хааны "Ордны найрал"-д эгшиглэж байсан "Алтан үсэг"-ээр тэмдэглэгдсэн ноотны олдвор болон хувцас хэрэглэл, хөгжмийн зэмсгийн түүхэн олдворуудад үндэслэн тухайн цаг үеийн хөгжмийн охь шимийг судлах, хадгалах, хамгаалах, сэргээх, эрдэм шинжилгээний судалгааны эргэлтэд оруулж Монголын төдийгүй дэлхийн соёлт ард түмний хүртээл болгох явдал юм.
Хаан найрал чуулгын хөгжмийн зэмсгүүдийг Монгол нутгаас илэрсэн археологийн олдворуудаас гадна Их Юань улсын судар, Монгол хөгжим, Монгол хөгжмийн түүхээс, "Зарлигаар тогтоосон арга билэг эгшгийн зүйн сүүлийн эмхэтгэл" зэрэг бичгийн эх сурвалжууд, XIII зууны үеийн Персийн уран зураг зэрэг түүхэн баримт мэдээнүүдэд суурилан, яг тухайн үеийнх нь хийц, хэлбэр дүрс, материал, хэмжээгээр Монгол улсад анх удаа иж бүрнээр нь хөгжим урлаач Д.Уламбаярын ур ухаанаар сэргээн урласнаараа онцлогтой.
Учир нь эртний Монгол хөгжмийн зэмсэгээс л жинхэнэ Монгол ая дан, хөг эгшиг дуурьсах боломж бүрдсэн үүнийг төрийн соёрхолт хөгжмийн зохиолч доктор С.Соронзонболд соргогоор мэдэрч Лигдэн хутагт хааны ордны хөгжмийн бүтэц, ая эгшгийн онцлог, дууны шүлгийн агуулга зэргийг алдагдуулахгүйгээр хөгжмийн найруулгыг төгөлдөр сайхан хийж бүтээжээ.
Чингис хаан Үндэсний музейн дэргэд Хаан найрал чуулгыг байгуулснаар урьд өмнө нь энэхүү бүрэлдэхүүнээр үзэгдэж, тоглогдож байгаагүй шинэ хөгжмийн зэмсэгүүдтэй, авьяаслаг залуу хөгжимчид 3 жилийн турш суралцан эзэмшиж Лигдэн хутагт хааны ордны хөгжмийг тоглох бэлтгэл хангагдаж, музейн албан ёсны үзэсгэлэнгийн нээлт болон гадаад дотоодын тоглолтод уригдан оролцож, аялал жуулчлалын компаниудын сонирхлыг татсаар байна.
"Алтан үсэг" ноот, "Их Юань улсын судар", "Эгшгийн зүйн эмхэтгэл" зэрэг эх сурвалж.
Хөгжим урлаач Д.Уламбаярын ур ухаанаар яг тухайн үеийн хийц, материалаар сэргээн урласан.
Доктор С.Соронзонболдын найруулгаар 3 жил суралцсан хөгжимчид музейн тайзан дээр.
Археологийн олдвор, "Их Юань улсын судар", XIII зууны Персийн уран зураг зэрэг түүхэн баримтад үндэслэн сэргээн урласан үлээвэр, чавхдаст, утсан болон цохиур хөгжмийн зэмсгүүд.
Нэгэн зүйл үлээвэр хөгжимдүүрийн нэр. Эрт үед хулс, яс, суман мод, хаш чулуугаар урлаж бүдүүн баргил дуутайг эр лимбэ, нарийн буюу шингэн дуутайг эм лимбэ гэдэг. Эртний лимбэ нь монгол хэмжүүрээр 1 тохой 8 ямх урттай ба үлээх болон даралтын нүх нь нийт 12 байдаг. Зүүн мөрөн талаас нэгдэх нүхийг үлээх нүх, хоёр дахь нь хальс наах нүх (дуу намсгагч), дараачийн 6 нүх эгшгийн өндөр намыг хувиргах нүх, үзүүрт нь гаргадаг дөрвөн нүх хонгион доторх хийн цувааг хязгаарлах буюу оосор цацаг зүүхэд зориулсан байжээ. Тасын чөмгөн цуурыг Баянхонгор аймгийн Жинст суманд түгээмэл хэрэглэдэг бөгөөд нутгийнхан "Тасын чөмгөн лимбэ" хэмээн нэрлэдэг аж.
Төрийн 9 их бэлгэдэл. Хамгаар хүндэтгэхийн бэлгэдэл. Энэ нь сүрлэг дуутай тул дайсан этгээд дууг сонсоод манаран унадаг, хийгээд төрийн бат хүндийн бэлгэдэл аж. "Хашгираа их дуут хатан улаан бүрээ"-г хараа ихт хар сүлдийн догшуулгад заавал хэрэглэдэг байснаас гадна тусдаа нэгэн шүтээн болгон шүтсээр ирсэн байна. Энэ бүрээ нь тэнгэрийн мянган луу донгодсон мэт дуугардаг болохоор дайсан этгээд сонсмогц манаран унадаг болохоор ерийн үед амыг нь дээш нь харуулан залдаг байжээ.
Монголын эртний шорооны аймгийн хөгжмийн зэмсэг. Архангай аймгийн Өндөр Улаан сумаас олдсон. Шорооны аймгийн хөгжмийн зэмсэг Хурган чихээр гологдсон хургыг авхуулдаг. Халуун хошуутай малын хошууг бэлгэдэн хийсэн бага насны хүүхдэд зориулагдсан цорын ганц хөгжмийн зэмсэг "Хурган чих"-ийн байгал дэлхийгээ аргадсан өнгө төрхтэй ая эгшиглээ нь өвөл зуд турхангүй өнтөй өвөлжихийг, зун ган гачиг үгүй зусахыг, хавар хавсрагагүй байхыг бэлгэддэг хэмээн монголчууд түүний дууг ихэд бэлгэшээдэг зан үйлтэй байжээ. Өдгөө бараг устах аюулд өртөж буй соёлын биет өвийн нэг болжээ.
Монголчуудын эртний өвөг хөгжмийн зэмсгийн нэг нь цуур юм. Цуур нь 3 нүхтэй, уртааш барьж үлээдэг, модон үлээвэр хөгжмийн зэмсэг. Цуурын хийц нь энгүүн эгэл мэт боловч нүүдэлчин, малчин, анчин монголчуудын олон зууны туршид ухамсар зорилготойгоор үүсгэн бүтээж, хөгжүүлж ирсэн өвөрмөц бүтээл юм. Цуур хэдийгээр гуравхан нүхтэй боловч байгаль дэлхий, уул, усны чимээ, хөг аялгуу, түүний гоо үзэсгэлэн, сүр жавхлан, ан амьтны дүр байдлыг илэрхийлэхдээ 12 өргийн (chromatic) эгшгэлгээт орчин цагийн боловсронгуй зэмсгээс дутуугүй.
Энэхүү олдвор нь мал, амьтны шагайт чөмөгний хоёр үзүүрийг огтолж, бүдүүн үзүүрийн ирмэг дээр доош харсан трапец хэлбэртэй хоног гаргаж цоолсон ясан эдлэл бөгөөд эртний анчдын ясан шовшуур буюу шүгэлний нэгэн төрөл болох юм. Энэ ясан шүгэл нь хүрлийн хожуу үе буюу нарийвчилсан он цагаар (C14) НТӨ 1042±31 он гэж гарчээ. Үүнээс үзэхэд энэхүү ясан шүгэл нь одоогоор манай улсын нутгаас олдоод буй хамгийн эртний хөгжмийн зэмсгийн нэг төрөл юм.
Ховд аймгийн Манхан, Чандмань сумын зааг Жаргалант Хайрхан уулын Нүхэн хадны оршуулгаас олдсон 7-8 дугаар зуун буюу эртний Түрэгийн үед хамаарагдах морин толгойтой ятга. Мод хусны үйсээр хийсэн. Өндөр нь 12,7 см, өргөн нь 10,4 см, урт нь 72,4 см. Урт нумарсан хүзүү бүхий их бие, голдоо трапез хэлбэрийн тэвхтэй нимгэн цараас бүрдэнэ. Зэмсгийн хүзүүг их биеээс ухаж гаргасан бөгөөд нилээд нарийн чимхлүүр ур хийцтэй бөгөөд хүзүүг хусны хальсаар ороосон нь цагийн аясаар харлажээ. Хүзүүний болон их биеийн хоёр талд тус бүр нэг нэг мөр нийт 6 мөр бичээстэй хэмээн тодорхойлжээ.
Манай эрний II зууны үеийн Лю Си-гийн "Ши мин" гэдэг зохиолын мэдээгээр бийваа (пийпаа) хөгжим хүннүгээс хятадад орсон байна. Хятадын Тан улсын үед бийваа хөгжим сайн тоглодог хүннү хүн Дундад Азийн орноос хятадад очиж байжээ. Хятадын орчин үеийн хөгжим судлаачдын үзэж байгаагаар бийваа гэдэг нь хятад үг бус бөгөөд уг үгийг хятадын Цинь улсын (МЭӨ 246-207 он) үед хэрэглэж байжээ. Хүннү нарт бийваа байсан байна.
XIII зууны Персийн зураачдын зурсан Ираны музей, Берлины номын санд хадгалагдаж буй Хүлэгэ, Өлзийт хаантай холбогдох чухал сурвалжийг тэмдэглэн үлдээсэн дүрслэх урлагийн бүтээлүүдийг харьцуулан судалж 7, 9, 11 чавхдаст босоо ятга хөгжмийг 2015 онд сэргээн бүтээж СУИС-ийн сургалт уран бүтээлийн эргэлтэд оруулсан билээ. Арван нэгэн чавхдаст босоо ятга. XIII зуун.
Архангай аймгийн орон нутгийг судлах музейд хадгалагдаж буй дунд гарын цоохор Төрийн ятга. "Мухулай дайнд мордохуй бас ч охидын хөгжмийг авч дагалдан явна. Бараг 17-18 настай маш хурц сэргэлэн охидыг дагуулж, 14 утаст гэх ятгаар Да Гуа Юй гэх төрийн их хөгжмүүдийг чавхдахыг хамтад гараан алгадаж хэмжээ хэмнэл, цохилго болгож дуу нь маш богино, бүжиглэх нь маш гайхамшигтай" хэмээн Мэнда Бэйлугийн "Монгол татарын бүрэн тэмдэглэл"-д тэмдэглэжээ. Г.Бадрах "Монголын хөгжмийн түүхээс" номдоо "...төрийн ятгад үеийн тэмдэг буй лугаа адил болмой. Үүгээр дууны тунгалаг, булингарын хөгийг ялгаварлана" хэмээн тэмдэглэжээ.
Хүннү, Сяньбийн үеийн булш, бууриудын малтлагаас хонь, ямаа, гур, аргаль, янгирын шагай гардаг нь монголчуудын шагайн хэрэглээний соёл нэн эртний улбаатай болохын гэрч юм. Модон цар дээр монголчуудын хийморийг бэлгэддэг морь буусан хонины шагайгаар тэвх хийсэн долоон чавхдаст нүүдэлчдийн хөгжмийн зэмсэг бол Янчир юм.
Алтайн салбар уулс Пазырыкийн толгод дахь булшны малтлагаас олдсон. МЭӨ V-IV зуунд хамаарагдана. Энэ ятга нь мөлгөр ирмэг бүхий их бие ба чавхдас тогтоогчоос бүрдэнэ. Модыг ухаж хөндийлөөд голоор нь нарийсгаж өгсөнөөс наймын тоо шиг хэлбэртэй болжээ. Их биеийн ёроол нь завь шиг мэдэгдэхүйц дугуйрсан буюу матигардуу. Их биений хоёр үзүүрээс нь тууш татсан арьсан цартай бөгөөд модон хадаасаар бэхлэгдсэн. Их биений царны урт 35 см, өргөн 5-12 см, өндөр 12 см, ишний урт 23 см байна.
Хүннүгийн хөгжмийн зэмсэг дотроос ясаар хийсэн "хэл хуур" хэмээх олдвор биетээр илэрч олдсон байна. Тодруулбал, 1989 онд Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт орших Морин толгойн дурсгалт газрын хүннү булшнаас хэл хуур олджээ. Энэхүү хэл хуур 12.5 см урт, 1.4 см өргөн, 2 мм зузаан ясаар хийсэн эд бөгөөд голд нь 9.7 см урт, угаар 5 мм, үзүүртээ 2 мм өргөн урт хэлтэй юм. Хуурын хэлний угт жижиг нүхтэй агаад түүний эсрэг талыг 2 хажуугаас хотойлгон зорж барихад эвтэй болгож зассан байна. Морин толгойн булшнаас олдсон хэл хуур өдгөө ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн сан хөмрөгт хадгалагдаж байна.
Морин хуур бол монгол угсаатны соёл, зан заншлын уламжлалыг цогц байдлаар агуулж хаданд дүрслэгдэн үлдсэн хөгжмийн зэмсэг бөгөөд баяр наадам, хурим найр, ёслол хүндэтгэл, мал аж ахуйн холбогдолтой олон зан үйлд морин хуур хөгжмөөр ая эгшиг өргөдөг уламжлалтай. Хуурыг эрт үеэс хун хуур, матар хуур, луу хуур, арслан хуур гэх зэргээр толгойд нь сийлсэн дүрсээр нэрлэж иржээ. Арслан хуур хөгжим нь Монголын соёлын үнэт өвд бүртгэгдсэн. Эртний Арслан хуур хөгжмийн зэмсэг нь одоогийн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын иргэн С.Дэчингалавд хадгалагдаж байна. Арслан толгойтой шанаган хуур хөгжмийн зэмсэг нь 4 үе дамжсан 200 гаруй жилийн настай. (Сэргээн уламжлуулсан С.Соронзонболд, Р.Ганбат)
Морин хуурын өвөг нь том дугуй модон цараар нь нэрлэсэн "Шанаган хуур" юм. Малчин монголчууд айргийнхаа модон утгуурт чавхдас татаж хөгжим болгон хэрэглэсэнээр шанаган хуур үүссэн гэж үздэг. Шанаган хуур эрт дээр үеэс хун хуур, матар хуур, луу хуур, арслан хуур гэх зэргээр толгойд нь сийлсэн дүрсээр нэрлэж ирсэн түүхтэй. Гэхдээ эдгээр нь хил буюу нумгүй товшвор байснаа түүхэн хөгжлийн явцад хилтэй болж өөрчлөгдсөн. Архангай, Өвөрхангай, Завхан, Хөвсгөл, Дорноговь зэрэг аймгуудад таван үе дамжиж ирсэн гэх матар, луу, арслан толгойтой шанаган хуурууд мэр сэр байдаг байна.
Баруун монголд нэгэн зүйл морин хуурыг икэл гэдэг. Икэл нь морин толгойтой биш гилбэр, чандмань толгойтой. Икэлийн татлага нь ямар нэгэн домогт ая аялгуу, мал амьтны үйл хөдлөл, алхаа гишгээ, тэдгээрийг төсөөлж дуурайх, уул усны чимээ, мал амьтны дуу, шуугиан, бугын урам, бухын урам, хургаа голсон хонь, ишгээ голсон ямаа, ботгоо голсон ингийг аргадах ая зэрэг баялаг олон төрөл байдаг. (Сэргээн уламжлуулсан С.Соронзонболд, Р.Ганбат)
Монголчуудын сэтгэл зүрхний аялгуу бүхнийг өнө эртнээс өдгөө хүртэл өвлөн уламжилж ирсэн язгуур хөгжмийн зэмсэг бол ширэн цартай хуур билээ. Энэ хөгжим олон мянган жилийн өмнө хийсэн урлал, харьцаа, тоглолт гээд бүх талаасаа төгс хөгжсөн хөгжим.
Цохивор хөгжмийн зэмсэг. Өөрсний эгшигтний нам. Жижигхэн пял таваг мэт хүрэл хэнгэргийг дундад журамд гурваар эгнүүлэн бяцхан суурьт өлгөж цохидог. Хүрэл хэнгэрэг гэдэг тэр бяцхан толины тоог олшруулан цайраар цутгасан шинэ хийцийн дуударам хэрэглэж байна хэмээн ардын билиг зүйч Ж.Бадраа тэмдэглэжээ.
Монгол төрийн бэлгэдэл болсон их бага хэнгэргийн тухай монгол угсаатны баатарлаг "Хаан Чингэл баатар", "Хашин цагаан хаан", "Хөхөлдөй мэргэн хаан", "Хилин галзуу баатар" зэрэг туульд "Их хэнгэргээ цохиод их түмнээ цуглуулаад, бага хэнгэргээ цохиод бага түмнээ цуглуулаад" хэмээн хайлсан байдаг. Хэнгэрэг нь цохивор хөгжмийн зэмсэг, ширийн аялгуун аймаг буюу бүрээсний эгшигтний нам. XIII зууны үеийн ордны хөгжимд 40 төрлийн хэнгэрэг хэрэглэдэг байсныг түүхэн сударт тэмдэглэсэн байна. Уг хөгжмийн зэмсгийг өлгүүр бүхий тавиурт байрлуулан бөө мөргөл, ордны хөгжим, харуул солигдох зэрэгт хэрэглэхээс гадна бөөгийн шүтлэгтэй ард түмэнд түгээмэл хэрэглэж байжээ.
Юань улсын судрын дал нэгдүгээр дэвтэрт хуримлах хөгжмийн савд тэмдэглэгдэн үлдсэн жагсаалын хэнгэрэг нь модон цагирагийг арьсаар бүрж, дээд талд нь таван өнгийн хатгамал бүс уяж, баруун талыг шийдмээр цохиж, зүүн гараар дэлсэж хөгжимдөнө хэмээжээ. Багдад хотыг эзэлж буй монгол цэргийн хэнгэрэгний зураг хадгалагдан үлджээ.
XIII зууны ордоны бичээс, ханын зураг, эртний хувцасны хэвдрэлийг үндэс болгон 22 ёслолын хувцсыг сэргээж бүтээсэн. Чингис хааны баримтат хувцсыг хөтөч болгож, материал, оёдол, чимэглэл бүгдийг эх судраас.
ХААНИх Хуралдай 1206 онд өргөмжилсөн ёслолын дээл. Алтан утсан хатгамал, торгомсогт даавуу, мөнгөн оруулга.
ХАТАНБотохой тарханы хатдын малгай, "богтаг", алтан ээмэг, нарийн төмөр оруулгуудтай.
ЦЭРЭГБоргильдсон төмөр хуяг, доторлогоо даавуу, морины хуяг, илд бамбай хослуулан.
ЖАНЖИНБоорчи, Мухулай нарын онцлох жанжидын дээл, сэлэм, тэрэг. Хэрэглэлийн дагалдах тэмдэг чимэглэлтэй.
ШАМАНБөөгийн дээл, малгай, өргөл аяга, цацлага. Цэгцлэн бүтээсэн XIII зууны загвар.
НАЙРАЛБүжигчид, дуучин нарын ёслолын дээл. Хөнгөн торго даавуу, олон өнгөт хатгамал.
Музейн концертын танхимд долоо хоног, сар бүр зохиогдоно.



Корпорацийн, төрийн, хувийн арга хэмжээ — захиалагчтай хамтран зохионо.
Тоглолтоос 14+ хоногийн өмнө холбогдоно уу.